Тоглоомын талбай, өндөр төмөр, дээр нь зөндөө найзууд, инээлдээд л гар гараасаа бариад л … удалгүй нар жаргаж, би ганцаар гэрийн зүг алхав. Дотроос нэг зүйл хатгаад ямар нэг юм хийх ёстой юм шиг сэтгэгдэл төрнө. Инээж эхлэв. Дуу гархааргүй болтлоо инээсээр… Гэртээ ирлээ. Хав харанхуй, огиудас хүргэм үнэр, энд тэнд бөртийх жижиг хар сүүдэр … Гутлаа тайлаад, хөл нүцгэн өрөө лүүгээ зүглэв. Ямар нэг шингэн зүйл шал пал дуугарна. Гэхдээ мэдэж байна аа, цус л байх… Хутга, хутга хаана байна… Хутга олох хэрэгтэй. ОЛЧИХЛОО. Цавчих хэрэгтэй ахахахаххахахах цавчаад өг… яагаад ирэхгүй байна аа… ирэх л ёстой… ирхээр нь цавчаад өгнө. —-Сэрчихлээ— хөдөлж чадахгүй байна, аймаар юм, би хэнийг алж байсан юм бол, хэн нэгэн хажууд хутга далайчихсан юм шиг санагдаад байна. Чимээ аниргүй… битгий чимээ гараасай. Өөр зүүд … би зүүдэлж байна.

Advertisements

Миний амьдралаас нэг хүн хасагдлаа. Анхнаасаа л учрах тохиолгүй тавиланг зөрж байж түүнтэй учирсандаа ийм шаналлыг хүртсэн болов уу. Түүнийхээ нулимсыг анхны бөгөөд сүүлчийн удаа цээжиндээ уусгаж, анхны бөгөөд сүүлчийн удаа түүнийгээ тэврээд хадгалж байсан бүх нулимсаа урсгачихлаа.

Дахин түүнээс болж шаналахгүй гэсэндээ нэг л удаагийн алдааг нь уучлаагүй дүр эсгээд орхиод явчихсан… Зүгээр л амьдрал дунд төөрөөд ганцаардахдаа нэг нэгэндээ тэмүүлсэн болчимгүй залуу нас… Түүний минь сайн сайхан зан чанарыг өөр нэгэн үзэсгэлэнт гүнж олж хараад ивээлдээ багтаагаасай гэж хүснэм.

Анх удаагаа л түүний шаналлыг хуваалцахдаа, гуниг зовлон түүнд зохихгүй гэдгийг ойлгосон. Би түүнд хайргүй, гэхдээ одоо ч түүнийг үгүйлсээр …

Цас намуухан хаялж байна. Нам гүм … Дуу чимээ алслан холдож хөлийн доор уйлалдах цасны хашгирах нь л сонсогдоно. Нэг алхам … эргэж харлаа, би хүлээж байна… Хэн ч алга. Өдөр бүр би ингэж л алхдаг тэгээд л би эндээс холдоогүй л байдаг. Заримдаа буцаад алхах хэрэгтэй болдог. Харин урагшлах зам ухрахаас хэцүү. Миний ухаан бодол санаа, бие, хүсэл тэмүүллийг ямар нэг зүйл хойш нь татаад л байдаг. Миний ертөнцөд дандаа цас ордог. Тэгээд надаас тэртээ алсад нэгэн хүн орилоод л байдаг. Бараа нь дөнгөж харагддаг тэр хүний юу хэлж байгааг би сайн мэддэг. Цасны хашгираан ч түүний үгийг хааж чадахгүй. Би чамд хайртай. Тэр үүнийг л хэлдэг. Би түүнрүү алхаад ч хүрч чадахгүй. Тэгээд л би түүнрүү алхахаа больсон. Одоо ч тэр тэндээ тэр л үгээ хэлсээр л … Би хэзээ ч ганцаарддаггүй. Мэдээж шүү дээ, надад тэр минь байгаа болхоор… Магадгүй, амьдралын сүүлчийн зогсоол дээр би түүнтэй уулзах байх. Гэхдээ би сайн мэдэж байна. Тэр хүн бол Би байх болно.

Заримдаа юуг ч хүлээн зөвшөөрөх, юуны төлөө ч юм алхах хүртэл утгагүй санагдах юм. Утга учиргүй бүхэнд хорсон нулимс урсах өдөр ч тохионо. Эцэст нэг л зовлонгоо хэдэн талаас нь тойрон эргээд энэ л хар нүх рүү унан тусан амьдраад байх мэт. Ай хөнгөн сэтгэл минь, тогтож хайрлаач, чиний аясаар хэдэн хүнийг гомдоож, нулимсанд нь амь тэмцэх юм бэ.

Хөөрхий энэ охин, өөртөө төвлөрөн, гаргасан алдаа, ухаангүй бодлоо ч үл хайхран мунхагын туйл руу дуу аялан алхнам. Бусдын өмнө гар сунган тусламж хүсхээр хүмүүн биш ээ. Энэ удаад л сэтгэлийн дэмээ хайрлаач, ингээд л намагт үүрд шигдэн хэвтсээр өөрөөсөө жигшин, галзуурч баясах заяа тавилан минийх байх учиргүй.

Бодол санаа нь нэгэнт бусдын бодлоор нөхөн хийсэн тааран уут болсон, өөрийн орон зай, өөрийн амьдралгүй энэ хоосон биеий минь сэрээж тус болооч.

Атаа жөтөө, хүсэл шунал, хорсол атаархалд хордсон нэгэн л байнам.


Хүн бүрийн туулах зам, давах бэрхшээл, сөхрөх хором, эцсийн зогсоол адилгүй. Нэгэнт хорвоогоос хураасан, мэдсэн зүйлээ аваад явахгүйгээс шунал, хүслээр өөрийгөө чимэх хэрэг юун. Шүлсэнд нь дэвтэж, шүдэнд зажилагдан бөөлжис мэт болох хоолонд шунан түүний төлөө мөнгө олхоор үхэн ажиллах хэрэг юун. Эргээд зүрхий чинь шархлуулах дуусашгүй хүсэлт дурлалд сөхрөх хэрэг юун.

Идээд идээд ханахгүй ходоодоо дүүргэх гэж оролдон өч төчнөөн амьтны амийг шууд болон шууд бус замаар багалзуурдах хэрэг юун. Өөрийн ганц сэтгэлээ тогтоон барьж чадахгүй хирнээ бусдын алдаанд баярлах хэрэг юун. Нэгэнт төгсөх нь тодорхой амьдралаа өнгөрснөө харамсан, дурсан суух хэрэг байна уу? Эргээд энэ дэлхийд ирэх эсэх нь тодорхойгүй хойно олдсон дээр нь хүссэнээ хийж авбал дээр бус уу?

Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй ч, өөр дээр чинь мөрөөдөл ирэхэд биш өөрөө түүнийхээ төлөө унаж босож зүтгэхэд мөрөөдлийн үнэ цэнэ оршдог юм. Эргээд түүндээ төлсөн үнэ цэнээр чиний мөрөөдөл амттай байдаг юм.

Oh, tonight I’m feeling fine
I’m alone, just wasting time
No Friday movie nights
Or romantic candle lights (дэлгэрэнгүй…)

Хүйтэн, хоосон, аниргүй … Ямар их гуниг амтагдана вэ? Мөсөн шалан дээр сул хаясан гар, хөл, хацар минь аажмаар хөрч байна. Харц минь хоосон, аниргүйн дунд намайг амьдруулхаар эд эс бүхэн минь хичээн гүйлдэнэ. Харин надад хүсэл үлдсэнгүй. Аажим, аажмаар уусан буй утга учиртай бас утга учиргүй бүхэнд дургүй хүрч байна. Эргэн тойрон зүг чиг заасан тэмдэг эргэлдэн нүд эрээлжилнэ.

Дотоод хоосон бүхнээ хэн нэгэнтэй хуваалцах хүсэл төрөвч хоосон зүйлийг илэрхийлэх аргаа олсонгүй. Хэн нэгэнд ойлгуулах арга зам олдсонгүй. Ямар их ганцаардал вэ?